Шинэ блогийн хаяг:
http://molko.bblog.mn

2010-04-24
Анаркиа

Арван хоёрдугаар сарын дөрвөний өдөр Улсын Драмын Эрдмийн театрийн тайзнаа Виктор Гюго-ын Парисын дарь эхийн сүм жижгийн зохиол амьласан билээ. Орчуулагч Д.Цоодол, жүжгийн зохиолч Р.Батсайхан, найруулагч Н.Наранбаатар, зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолч С.Гантөр, зохиолч Ш.Гүрбазар, бүжиг дэглээч Т.Төгсөө нарын уран бүтээлчид эв эеэ нэгтгэн “Парисын дарь эхийн сүм” нэртэй жүжгээ амжилттай тавьж онцгой байдлын улмаас тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж арван хоёрдугаар сарын эхнээс эхлэн үргэлжлэн энэ сарын 18 – 20-ны өдрүүдэд тоглогдохоор болжээ. Зохиолоосоо багагүй ялгаатай энэхүү жүжгийг сонирхохоор арван найман цаг гучин минутад Улсын Драмын Эрдмийн театрын үүдэнд үзэгчид цугларсан байлаа. Танхим руу нэвтрэхэд томоос том “АНАРКИА” хэмээх үг нүдэнд тусав. Энэ ямар учиртай юм бол хэмээн бодсоор суудлаа эзлэхэд жүжиг эхэллээ… Жүжиг нэгэн зохиолч номлогч хоёрын яриагаар эхлэх бөгөөд цаана нь хэтэрхий хиймэл “хос араг яс” өлгөжээ. Тэд түүнийг хараад номлогч үгээ баран байх агшинд зохиолч өнөөх “хос араг яс”-ыг таньж тэдний агуу хайр дурлалыг талаар ярьж өгөхөөр болов. Энэхүү эхлэлийг хараад үнэхээр ийм л жүжиг үзэхээр эндэхийг зорьж ирсэн гэж үү хэмээн бодож, харамсаж суулаа… Гэгээн дарь эхийн сүмийн гадна “зэрэмдэгүүдийн наадам” болж байлаа. Үзгээр бичиж, үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэн гоо Смиралда улаан даашинзтай бүжиглэж байв. Харин түүнийг тойрон үзэшгүй муухай, зүүдэнд ормоор царайтангууд бүжилдэнэ. Тэдний голоос “зэрэмдэгүүдийн хаан” буюу үзэсгэлэнт Смиралдагийн өргөж авсан эцэг гарч ирэн сандал дээр тухлангаа зохиолчийг дуудлаа. Зохиолч наадмыг хөтлөхөөр гарч ирээд “Эрхэм хүндэт ноёд хатагтай” гэж ирээд л хамаг л сайн сайхан үгсээ урсгаж эхэлтэл эрэмдэг зэрэмдэг нөхдүүд түүн рүү арслан барс мэт гэтэж эхлэв. Яг тэр цаг мөчид “зэрэмдэгүүдийн хаан” түүнд зааварчилгаа өгөв. Гэтэл зохиолч ихэд сонин царайтай болж “эрхэмсэг зэрэмдэгүүдээ! Ноёд хатагтай новшнуудаа” гэх мэт доромж үгсийг хэрэглэтэл эрэмдэгүүд баярлалдан наадаж, хаанаа тодруулахаар болов. Тэд ч нэг нэгээрээ өөрсдийгөө санал болгож байлаа. Гэнэт хаанаас ч юм хазгар, хөгжлийн бэрхшээлтэй нэгэн гүйж гарч ирэн дарь эхийн сүмийн аварга хонхнуудыг дэлдэж гарав. Бүгд түүнийг анхааралтай нь аргагүй харж байгаад хаанаараа сонгохыг нэгэндээ санал болгон, өөрөө ч зөвшөөрөв. Тэр бол Парисийн дарь эхийн сүмийн хонхчин Куазимода байлаа. Хаанаа сонгосон эрэмдэгүүд баярлан цэнгэж байхад сүмийн номлогч буюу Куазимодагын өргөж авсан эцэг наадмыг зогсоон зэрэмдэг хүүхдээ авч одлоо… Наадам дуусалгүй үргэлжилж байхад нэгэн тартагтаа тулсан ядуу эмгэн гарч ирэн тэднийг хараан зүхэж Смиралдаг “Чи сайхан амьдрахгүй, чамайг бурхан гэсгээх болно” хэмээн сүрдүүлсээр алга болов. Смиралда бол сул дорой нэгнийг өрөвдөн, хайрладаг, бүжиглэх дуртай, өөрийгөө Цыган хэмээн боддог бүсгүй байлаа. Тэрээр эрэмдэг Куазимодаг өрөвдөн байх атал Куазимодагийн эцэг номлогч түүнийг “Шулам” хэмээн үзэж үзэн ядаж, хараан зүхдэг байлаа. Куазимода түүнд дурласныг бүсгүй гадарласан ч үгүй. Харин түүний нүднээс агуу их хүчирхэг хайр дурлалыг түүний эцэг номлогч олж харжээ. Яг энэ мөчид Смиралда гудамжиндаа бүжиглэн зогсох ба түүнийг холоос шинэхэн цэргийн офицер Фуэб харж, түүнд зүрх сэтгэлээ алджээ. Үзэсгэлэнт бүсгүй Смиралда хүртэл түүнд дурлаж. Гэтэл Фуэб нь нэгэн чинээлэг айлын хүргэн болох гэж байлаа. Түүнийг нь мэдэлгүй тэд хайр дурлалдаа умбан шумбаж байв. Эрэмдэг хүүгийн эцэг номлогч хүүгээ хайр дурлалтай учирсныг мэдээд бүсгүйг үзэн ядан сэтгэл нь улам ихээр бадарч түүнийг хулгайлуулахаар Куазимодаг хэдэн хүмүүстэй хамт илгээв. Түүнийг хулгайлан явах тэр мөчид зохиолч залуу хойноос нь хөөхөөс зүрхшээн үлдэхэд оронд нь түүнд дурласан шинэхэн цэргийн офицерын залуус явж ганц эрэмдэг хонхчинг барьж ирлээ. Өрөвч, нинжин сэтгэлтэй Смиралда түүнийг өршөөхийг Фуэбээс хүсэх атал Фуэб түүнийг хэний тушаалаар ийм үйлдэл хийсэн гэдгийг тогтоохоор гяндан руу авч одлоо. Хонхчинг гянданд зовж тарчилж байхад эцэг ламтан огтоос тоосонгүй. “Балаг ус хайрлаач” хэмээн царайчлан хатаж үхэхийн ирмэг дээр ирээд байсан хонхчинд нинжин сэтгэлт үзэсгэлэнт Смиралда туслав. Үүнийг харсан эцэг ламтан Смиралдаг улам ихээр үзэн ядан бүр нэг нүднийхээ булангаар ч харалгүй хүүгээ аваад сүм рүүгээ явлаа. Гэртээ очоод хүүгээ ухаан алдтал нь индэрээр цохиж, ухаангүй байх хооронд нь гэгээн дарь эх Маригийн зургийг эргүүлтэл түүний үзэн яддаг Смиралдагийн зураг гарч ирэв. Чин сэтгэлээсээ үзэн ядаад байсан ламтан хүртэл Смиралдагын гоо үзэсгэлэнг биширч байна. Үүний дараахан зохиолч залуу номлогч дээр ирж гэмээ наминчилж байх зуураа сүмийн ханан дээрх “АНАРКИА” хэмээх бичээсийг олж харан учрыг лавлатал ламтан “хүний ухаан бодолд захирагддаггүй, хэнийг ч алгасдаггүй зүйлийн илэрхийлэл. Энэ бол хувь тавилангын ЭРХШЭЭЛ” хэмээн тайлбарлав. Ухаж ойлговол хайр сэтгэл хэнийг ч үл харгалзан, түүний зүрх сэтгэлд айлчилдаг гэдгийг хэлээ юу хэмээн энэхэн оюундаа сэтгэв. Шинэхэн цэргийн офицер, зохиолч, зэрэмдэг сүмийн хонхчин бүр сахил хүртсэн ламтаны сэтгэлийг булаасан үзэсгэлэнт  бүсгүйн амьдрал, аз жаргал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Дурлалт хархүү Фуэбтэйгээ хамт дэн буудалд байхад нь Куазимода эцгийн хамт харж хоёул энэлэн шаналж байв. Гэнэт энэ зовлонгоо тэвчиж чадалгүй Куазимода гүйн очиж хэн хэнийг нь хараагүй байхад Фуэбийг хутгалж орхив. Дэн буудлын хаанаас ч тэднийг олж харсан юм байгаа юм… Яадаг ч байсан хямарч сууж тэсэлгүй гэмт хэрэг үйлдсэн хүүгээ эцэг нь сүмдээ нуугд хэмээн тушаал өгөөд өөрөө ч алга болов. Харин цагдаа сэргийлэхийнхэн залуу офицероо хэн хороохыг завдсаныг үл мэдэн Смиралдаг сэжиглэн гянданд хорьж байхад хөгжилтэй ч юм шиг, ёжтой ч юм шиг чих хатуутай шүүгч гарч ирэн Смиралдад хэрэг тулган Смиралдад цаазаар авах ял оноогоод алга болов. Түүнийг энэлэн шаналж байх хооронд сахилгагүй ламтан өнөөх тартагтаа тулсан ядуу эмгэнийг дагуулан орж ирээд түүнийг сахиулаар үлдээгээд гарлаа. Эмгэн Смиралдаг хороохоор завдсанаа гэнэт зогсож дуулж эхлэнэ. “Тэртээ арван дөрвөн жилийн өмнө хайрт бяцхан охиныг минь Цыганууд надаас хулгайлан авч одсон. Харин би тэдний буурин дээрээс охиндоо өөрийн гараар оёж өгсөн бойтогоо олж, одоог хүртэл хайсаар л байна” хэмээхэд Смиралда “Би ч бас эхээсээ салсан. Эхээс минь үлдсэн ганцхан зүйл минь өрөөсөн бойтог” хэмээхэд эх үр хоёр нэгнээ танин гяндангын хаалганы наана цаанаас эхийгээ, үрээ санан гансарсан зүрх шимшрэм дуу хадаж эхэллээ. Гэхдээ энэ хэсэг арай л худлаа болжээ гэх сэтгэгдэл төрж байлаа. Учир нь зохиол дээрээ Смиралдагийн эх арван дөрвөн жилийн өмнө хэдэн Цыгануудыг доромжилон ёжилсоноор түүнийг гэртээ гуравхан настай охиноо орхиод гарах зуур охиныг нь хулгайлж оронд нь үзэшгүй муухай зэрэмдэг Куазимодаг гэрт нь үлдээсэн байдаг. Түүнийг нь хараад цожирдсон эх эрэмдэг хүүг Гэгээн Дарь Эхийн сүмийн үүдэнд үлдээгээд өөрийн охиноо хайн эрэлд гарсан хэмээн өгүүлдэгсэн. За энэ ч нэг их асуудал биш гээд үргэлжлүүье. Эх нь охиноо цаазын ялаас мултлахаар завдан нуутал Смиралда Фуэб гэх нэрийг сонсоод өөрөө үхэл рүү гараа сунгав. “Фуэб хайрт минь, нар минь наддаа ирээч” гэхэд Фуэб нь түүн рүү харсан мөртөө нуруугаа харуулан явж одов. Үүнд хямарсан үзэсгэлэнт Смиралда үхэлтэйгээ эвлэрэв. Гэнэт гаднаас “зэрэмдэгүүд” дайран орж ирэхэд Куазимода Смиралдаг дагуулан дарь эхийн сүмдээ нуухыг нь ганцхан зохиолч залуу харсан. Харин сахилгагүй номлогч зохиолчийг хуурч байгаад Смиралдагийн байгаа газарт Фуэбын цэргүүдтэй хамт очиж Смиралдад хайраа илчлэн хамт зугатаахыг санал болговол цаадах нь зөвшөөрөөгүйгээр барахгүй “Чамтай байснаас цаазын тавцан дээр дэнжигнэж байсан минь дээр” гэв. Үүнд нь ундууцсан номлогч түүнийг цагдаа нарт барьж өгөн Смиралда цаазын тавцан руу алхав. Тэрбээр хорвоог орхин одох мөч хүртлээ цэргийн офицерийг хайрлан, эцсийн үг нь хүртэл “Фуэб хайрт минь, нархан минь Би чамдаа хайртай” гэсэн үгс байв. Ингээд Смиралда Дарь эхийн сүмийн урд цаазлуулан, түүнд хайртай залуучуудын сэтгэл эзгүйрэн энэлэн шаналцгаан үлдэв. Залуу офицер чинээлэг айлын хүргэн болж, номлогч сахилаасаа татгалзан, зохиолч холын орныг зорив. Харин жинхэнэ агуу хайр дурлалын жишээ болсон эрэмдэг хонхчин залуу үзэсгэлэнт Смиралдагийн цогцосны дэргэд хэвтэн өлбөрч үхэв. Хөгжөөнт мөртлөө эмгэнэлт жүжиг ийнхүү төгсөв. Мюзикл талруугаа хийгдсэн, содон шийдэлтэй жүжиг, тавилт нь сайн байсан ч төгс төгөлдөр байсангүй. Олон ч шүүмжлэлтэй талууд ажиглагдсаныг дээр сийрүүлэв… Монголын жүжгийн урлаг улам илүүгээр хөгжин өргөжих байх хэмээн найдан суух итгэлийг минь хөсөрт хаяхгүй биз ээ…

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax