Мал нядалгаанаас гарах цус нь уургийн чухал эх үүсвэрийн нэг бөгөөд хүнсний, эмчилгээний, тэжээлийн болон техникийн бүтэгдэхүүн үйлдвэрлэх үнэт түүхий эд юм. Цусны бүтцэд оролцдог уургийн хэмжээ, чанар түүнчлэн органик төмрийн өндөр агууламж зэрэг нь цусны үнэт чанарыг илэрхийлэх үзүүлэлт болно. Хиам, хагас боловсруулсан болон нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ийлдэс, сийвэнг өргөн хэрэглэдэг. Бүхэл цус, эритроцитийг цусан хиам, зарим нэрийн царцмаг, нухаш, нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигладаг.
Хосолмол махан бүтээгдэхүүний өнгийг сайжруулах зорилгоор бага хэмжээний бүхэл цус нэмж хэрэглэх нь ихээхэн үр дүнтэй.
Цуснаас мөн дүрст биетээс шингэн болон хуурай гемотоген, ийлдэс,сийвэн, фибринээс эмчилгээний сийвэн, уургийн гидролизат үйлдвэр.
Үхэр гахайн фибрингүйжүүлсэн болон тогтворжуулсан цусыг тоосруулан хатаагчид хатааж, түүхий цусны үнэт чанарыг бүрэн хадгалсан хуурай гематоген уургийн агууламжаар махнаас 4, аарц, өндөгнөөс 5 дахин өндөр байдаг. Агаарын солилцоо сайтай, хуурай нөхцөлд удаан хугацааны туршид чанараа хэвийн хадгалдаг.
Эрүүл хүмүүсийн хоолны жоронд бага хэмжээний хуурай гематоген нэмж өгөхөд биеийн ерөнхий байдал, ажиллах чадвар дээшилдэг. Доноруудын хоолонд нэмэлт байдлаар хэрэглэхэд цусыг удаан хугацаанд төлжүүлдэг байна.
Түүнчлэн цус багадах, зөөлөн эд гэмтэх, яс хугарах, болон идээт үрэвслийн үед мөн хэрэглэнэ. Шинэ цус болон гематогены хөөсрөх чанарт үндэслэн нарийн боов, амттаны үйлдвэрлэлд хэрэглэдэг. Сийвэнг хатаахад хүнсний цайвар альбумин гарна. Үүнийг чихэр боовны үйлвэрлэлд өндөгний уургийн оронд ашиглаж болно. Мөн эмийн үйлдвэрлэлд зарим эм бэлдмэлийн бүрэлдэхүүн байдлаар хэрэглэдэг. Бүхэл цус эсвэл фибринийг хатааж цусны гурил үйлдвэрлэдэг. Энэ нь илчлэг чанар сайтай хялбар шингэцтэй тэжээлийн бүтээгдэхүүн болно. Техникийн хар альбумин, техникийн цайвар альбуминыг мөн цусаар үйлдэрлэдэг. Техникийн хар альбуминыг ихэвчлэн цавууны, цайврыг нэхмэлийн болон цаасны үйлдвэрлэлд хэрэглэдэг.
Хүнсний болон эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зөвхөн эрүүл малын, ариун цэвэр – эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд авсан цусыг ашиглана.
Цус нь ялзралын шинж тэмдэг болон гадны хольцгүй, 15%- иас доошгүй хэмжээний хуурай бодис агуулсан байх ёстой.
Цусан бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, түүний үйлдвэрлэл, хэрэглээний онцлогоос хамаарна.
Техникийн болон хүнсний альбумины үнэт чанар нь шинэ цусны уургийн шинж чанарыг ямар түвшинд хадгалснаар тодорхойлогдоно. Иймээс альбуминд агуулагдвал зохих уусамтгай уургийн хэмжээг стандартад зааж өгдөг: I ангиллынх -80 %, техникийн нунтаг, дээд зэрэглэлийн альбумин 85%, I ангиллынх-75% уусамтгай уураг агуулах ёстой.
Чийгийн хэмжээ, хүнсний альбуминд 10%, техникийн нунтагт 11% байна.
Нөөшилсөн цусанд хуурай бодис 11%-иас багагүй, үүний 10-15% нь уусамтгай бодис байвал зохино.Цусны гурилын тэжээллэг чанар мөн уургийн агууламжаар тодорхойлогддог. I зэргийн гурил -81%, II зэргийн гурил -74%-иас багагүй хэмжээний уураг агуулагдах ёстой.
Биологийн үнэт түүхий эд болох цус нь маш хурдан бүлэгнэж анхдагч шинж төлөв нь өөрчлөгддөг физиологийн онцлогтойн дээр бичил биетнээр өдөөгдөх чанарын муудалтад хялбар өртдөг. Иймээс хүнсний болон эмчилгээ сувиллын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэхээр цуглуулсан цусыг нэн даруй боловсруулах буюу чанарын хамгаалалт хийхёстой.
Цус бүлэгнэх: Судаснаас гадагшилсан цус тодорхой хугацааны дараа бүлэгнэж эхэлдэг. Үхрийн цусны бүлэгнэж эхлэх хугацаа ойролцоогоор-6.5 минут, гахайных-3.5 минут, бог малынх -2.5 минут байна. Цусалгаа явуулсан орчны агаарын хэм өндөр, цус хурааж авах сав бохир байх зэрэг тохиолдолд дээрх хугацаа богиносдог.
Ийлдэст агуулагдах фибриноген уураг, уусдаггүй фибринд шилжсэнээр цус бүлэгнэдэг. Фибрин нь нягт торлог үүсгэн сүлжилдсэн утсанцруудаас тогтоно.
Энэ нь торлогийн гогцоонд цус, ийлдсийн дүрст биетүүд торж, цэлцэн үүсгэх нь нөж болно. Тайван байдалд фибриний утсанцар богиносч, нөж аажмаар агших бөгөөд түүнээс шаравтар шингэн- сийвэн ялгардаг. Сийвэнд фибриноген байдаггүй. Бүхэл цуснаас фибринийг ялгаж авах замаар түүнийг бүлэгнэхээс сэргийлэх боломжтой. Ийнхүү фибринийг ялгах ажиллагаа цус болоьсруулах технологид чухал үүрэгтэй. Учир нь бүлэгнэсэн цусны биологийн үнэт чанар нь буурч, зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжгүй болдог.
Фибринийг хоёр аргаар ялгадаг. Эхний аргаар хүнсэнд болон эмчилгээний зориулалтаар ашиглах цусыг авсан даруй бүлэгнэх явцад нь фибринийг ялгана. Цусыг хурааж авснаас фибринийг ялгах хоорондох хугацаа 1 минутаас хэтрэх ёсгүй. II аргаар ялангуяа техникийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цусыг бүлэгнэсний дараа фибриний утаслаг – полимерыг таслах замаар фибринийг салгана. Нэгдүгээр аргыг хэрэглэхэд фибриний гарц 5-8%, дараагийн аргыг хэрэглэхэд 20-25% хүрдэг.
Хүнсний цусаас, зориулалтын төхөөрөмжөд механик холигчийн тусламжтай фибринийг ялгаж авна. Ажиллагааны үргэлжлэх хугацаа 4-5 минут. Фибриний утсанцрын нийт уургийн агууламж-20%, үүний тал хувь нь фибрин байна.Үүнийг фибриний хальс гаргаж авахад хэрэглэнэ. Фибрин –гемоглобиний нэгдлийг татшин бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэх боломжтой. Түүнчлэн гидролизат гарган авч тамир сэргээгч тэжээл байдлаар хэрэглэх, бактерийн орчин бэлтгэхэд ашиглах нь тохиромжтой.
Техникийн цусны (бүлэгнэсэн ) нөжийг жижиглэн задалж фибринийг ялгана.
Жижиглэсэн фибринийг 2-3 м голчтой шүүртэй төмөрлөг тороор шүүх болон хагас цаг орчим хөдөлгөөнгүй тавьж тунгаах замаар шингэн цуснаас нь салгана.
Ялгасан нөж нь ихээхэн хэмжээний цус агуулдаг. Үүнийг дахин боловсруулж үлдэгдэл цусны хэмжээг багасгаж болдог.