2007 оны 9р сарын 1-ний өдөр Отгонтэнгэр Их сургуулийн оюутан болсон билээ. Энэ өдөр ч миний хувьд их л сонин өнгөрсөн. Өглөө хүн болгон л хичээлдээ явна гээд догдолцгоож байхад яагаад ч юм би ганцаархнаа догдолсонгүй. Сургуулийн нээлтийн ажиллагаан дээр очих гэтэл нэг л хөл хөдөлсөнгүй. “за за нэгэнт сургууль явахгүйгээр шийдсэн юм чинь Монгол Шилтгээн рүү явна” гэж дотроо бодлоо. Энэ өдөр Гачууртын Монгол Шилтгээнд Амьд хөгжмийн наадам “Coke’n Beat” болох байсан юм. Өдрийн 1 цаг гэхэд Соёлын Төв Өргөөний өмнөх талбай дээрээс Монгол Шилтгээнийг зорих автобуснууд явж байлаа. Тийшээ явахаар нэгэнт шийдээд гэрээсээ гаран адхтал ОТИС-ын нэг ангид орсон 10 жилийн сургуулийн охин дайралдаад өнгөрлөө. Бодвол намайг өглөө нээлтийн ажиллагаан дээр ирээгүй байж хаашаа явж байгаа юм болоо гэж л бодсон байх. Би ч хэсэг нөхдийн хамт СТӨ-г зорилоо. СТӨ дээр ирэхэд тэнд цугласан залуусыг хараад гайхан зогслоо. 9 сарын 1-ны өдөр цагаан цамцтай хүүхдүүдийг л их харж байснаас биш жигд тас хар хувцастай, төмөр гинж энд тэндээсээ унжуулсан, чихээ хэд хэд цоолж, хөмсөг уруул хамар гээд цоолох газаргүй болтлоо цоолж ээмэг зүүсэн, хувцастай юм шиг болтлоо шивээс хийлгэсэн, үнэхээр хүний анхаарал татахаар үсний засалттай хүмүүсийг олноороо цугларсан байхыг хараад гайхсан хэдий ч цаанаа л баярлаж байлаа. Учир нь би тэнд ганцаархнаа тийм хувцастай байсангүй. Би бусдаас яаж дутахав гээд хар цамц, өмд, хар кет өмсөж даарвал өмсөнө гээд хар цамц хар цүнхэнд хийж үүрсэн байлаа. Мөн зүүж болох бүх л газраасаа гинжнүүд зүүж, хамарныхаа цоорхой нүхэнд үзүүртэй ээмэг зүүж, чихэндээ 2 давхар ээмэг зүүн нүдээ онцгой содон байдлаар будаж, уруулаа хар уруул өнгөлөгчөөр өнгөлсөн байсан юм. За автобус хөдлөх цаг боллоо. Бид нэг автобусын урд талын суудлуудаар суусан байлаа. Цаг ч болж автобуснууд ч хөдөллөө. Хотын замаар цуваа болон явцгаагаад, хажуугаар өнгөрсөн машинтай, машингүй хүмүүс рүү сэтгэл нь хөөрсөн залуус гараа даллацгаан “Бид нар явлаа шүү. Битгий хойноос дуудаарай” , “Та нараас түрүүлээд бид нар Монгол Шилтгээн рүү явлаа” гэх мэтээр хашгиран явсаар хотоос гарлаа. Хотоос гарангуутаа автобуснуудынхаа жолоочыг шавдуулж урд талынхаа автобусыг гүйцэт түрүүлүүлэн зарим нэгтэй нь уралдан зэрэгцээд ирэхээр нь цонхоо онгойлгон нөгөө автобусанд байгаа залуустаа “Танай автобусыг манай автобус түрүүлнэ дээ” гэж орилцгооно. Замын хажуугаар алхлах хүмүүс биднийг харан гайхацгаана. Их удаан явсаны эцэст зорисон газартаа ирлээ. Үүдэнд янз бүрийн машин, төрөл бүрийн мотоцикл эгнүүлэн тавьжээ. Харахад үзэмжтэй сүрлэг харагдах боловч олуулаа нийлж доргисон залуус ийм чөлөөтэй замаар архи ууж согтуугаар жолоо барьж осол гаргах вий дээ гэж дотроо бодсоор орлоо. Үүдэнд 5 хамгаалагч зогсон орж буй бүх хүмүүсийн халаас, цүнх зэргийг нь шалгаж байлаа. Наадмын тасалбарын ар тал дээр анхааруулга дээр нь хоол хүнс, ундаа, архи, шар айраг, хутга мэс, мансууруулах бодис авч орохыг хориглоно гэсэн байлаа. Тиймээс ч бусад үзэгч амрагчдын аюулгүй байдлыг ханган шалгалт хийж байлаа. Энэ нь нэг талаас авууштай. Гэвч нөгөө талаас үзэгчдэд эвгүй сэтгэгдэл төрүүлж, мөн цагаас нь нилээдгүй хугацааг хумсалж байлаа. Бяцхан нэгжлэгийн үйл ажиллагааг давж цаашаа тайзыг чиглэн алхлаа. Задгай талбай дээр хүмүүс энд тэндгүй таран хоол унд, ундаа шар айраг эргүүлдэж, голын эргээр зугаалангаа дуртай Рок хөгжимөө сонсож байлаа. Хөгжим нүргэлсээр... Эхний үед нь уламжлал ёсоор шинэ залуу хамтлаг дуучид өөрсдийн уран бүтээлээ сонирхуулж байлаа. Үзэгчидийн заримд нь залуу хамтлаг дуучдын уран бүтээл ихэд таалагдаж байгаа болотой тайцны урд талын хязгаарлагч хашлагыг түшин зогсож бүжиглэцгээж байх юм. Үнэхээр л залуус өөрсдийн хүссэнээрээ цэнгэж байлаа. Ямар ч хориглож, шаардах хүмүүс байхгүй. Жинхэнэ дураараа доргиж дунд чөмгөөрөө жиргэж байлаа. Нар жаргах дөхөөд ирэхэд хүмүүс энд тэнд майханаа хатгаж дотор нь хоол хийж идэн амарцгааж байлаа. Голын эргээр дүүрэн хүмүүс. Зарим нэг хүмүүс нь голд сэлж байгаа харагдана. Голын эрэг дээр ирэхэд голын усны урсах чимээ, моддын навчис салхинд хийсэх чимээ тэр их нүргэлсэн дуунаас илүү тод сонсогдож байлаа. Дээр нь ногооны үнэр ханхална. Тайзны зүг харахад хүмүүс дор дороо дэвхцэн тэрүүгээр нэг улаан тоос боссон байлаа. Муухай ч гэсэн сонирхолтой. Өөрсдөө шороогоо босгож аваад тэрэн дундаа бужигнаж байх нь сайхан л байгаа байх... за ингээд тоглолт үргэлжилсээр нилээд удаж өндөрлөх тийшээгээ хандлаа. 12:00 болоход тэнгэрт түмэн одод түгэж сарны гэрэлд бүх л юмс тодхон харагдана. Мөн тайзны гэрэл, тайзны дэлгэц гээд гэрэлтүүлэг гэрэл зөндөө байсандаа ч тэрүү их л гэгээтэй харагдана. 02:00 болоход хүмүүс ядарсан бололтой энд тэнд хөглөрөн хэвтэнэ. Сүүл хэсэгтээ Монголын Рок хөгжмийн томоохон төлөөлөгч нар нь заларч уран бүтээлээ сонирхуулахад ядарсан үзэгчид эцсийн хүчээ шавхцгаагаад 04:00 болоход Монгол Шилтгээнээс Улаанбаатар хотыг чиглэн хөдлөх машины цувааны төгсгөл үзэгдэхгүй болов.
Цэвэр агаарт өнгөрөөсөн хэдэн цаг минь ингээд төгсгөл болж утаандаа дийлдсэн Утаанбаатар хотод орж ирвээ...