Шинэ блогийн хаяг:
http://molko.bblog.mn

2011-04-10
Татвар төлөгчдийн халаас цоорвол яана...

Монгол улс төрийн албан хаагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж 220 мянга болгоод удаагүй байгаа билээ. Тэгвэл энэ мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг асуудал хамгийн түрүүнд ард иргэдийн толгойнд орж ирсэн байх. Харин төрийн албан хаагчид үүнийг авч хэлцэхгүй зөвхөн өөрсдийнх нь цалин нэмэгдсэнд баярлан сууж байгаа нь хэнд ч илэрхий. Саяхан манай найз ярьж байна л даа. “Би улсад 10 жил татвар төлж амьдарлаа. Тэглээ гээд миний энэ халааснаас л мөнгө урсаад байхаас биш огтоосоо орлого минь нэмэгдсэн юм алга. Төрийн албанд орж цалингаа нэмүүлье гэж эсэргүүцэж байгаад л овоо хэдэн цаас хармаалаад аятайхан амар тайван амьдардаг юм билүү. Энэ төрийн албан хаагчдыг тэжээсээр байгаад бүр залхлаа” гэж гомдоллож байсан юм. Тухайн үедээ цаад утгыг нь сайн ойлголгүй өнгөрөөснөө одоо тунгаахад үнэн л үг аж. Учир нь төрийн албан хаагчдын цалинг хаанаас гаргадаг вэ гэвэл татвар төлөгчдийн халааснаас. Тэгвэл эргээд татвар төлөгчдөд юу очдог вэ гэхээр зарим нэг төрлийн нийгмийн халамж үйлчилгээ. Харин төрийн албан хаагчдад тэр нийгмийн халамж үйлчилгээ нь тэртээ тэргүй л олгогддог.

Татвар төлөгчдийн тоо жилээс жилд улам өсөж байгаа нь тун сайшаалтай. Татвар төлөгчдийн хөрөнгөөр зөвхөн төрийн албан хаагчид цалинжаад зогсохгүй, төрийн сан хөмрөгө хүртэл санхүүждэг байна. 2003 онд татвар төлөгчдийн тоо 35181 байсан бол 2004 онд 39937, 2005 онд 45507, 2006 онд 51947, 2007 онд 58636, 2008 онд 67047, 2009 онд 74395 хүртэл өсөн нэмэгдсэн байна. Ингэж өсөж байгааг нь хамгийн түрүүнд юутай холбож ойлгож болох вэ гэхээр хувийн хэвшлийн албан байгууллага, алба хаагчдийн тоо нэмэгдэж байна мөн жижиг дунд бизнес өргөжин дэвжиж байна гэж болох юм нэг талаасаа.

Татвар төлөлт нэмэгдсэнээр зөвхөн улсын төвлөрсөн төсвийн орлого нэмэгдээд зогсохгүй орон нутгийн төсвийн орлого ч нэмэгддэг байна. Баримт дурьдахад: улсын орон нутгийн нийт төсвийн орлого 2003 онд 186789901,8 байсан бол 2009 онд 941404510,6 болж 754614609-өөр нэмэгдсэн байна. Тэгвэл энэ төсвийн орлого хамгийн ихдээ 2008 онд 1166356776,2 болж нэмэгдэж байсан байна. Энэ бүхний учрыг үзвээс 2008 онд орон нутаг гэлтгүй хотод хүртэл маш олон тооны аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эрхэлж, татварын зөв бодлого мэдээллийн үндсэн дээр татвар төлөгч болсон байдаг байна. Татварын албад өөрсдийн жилийн татварын тайлангаа гаргахдаа зөвхөн тоо баримт дурьдаад зогсохгүй маш олон төрлийн татварын мэдээллийг иргэдэд олгож, өөрсдийн үйлчилгээгээ иргэдэд танилцуулдаг байна. Энэ үйлчилгээ нь шинэхэн тул үр дүнгээ маш сайн өгч байгаа гэж холбогдох байгууллагын ажилчид ам сайтай байсан. Мөн түүнчлэн тэд өөрсдийн байнгын хамтран ажиллагч нар буюу татвар төлөгч хувийн хэвшлийнхэндээ тодорхой хэмжээний урамшуулал олгож байнгын харилцаа холбоогоо батжуулж байдаг. Зарим нэг татвар төлөгчдийн хувьд нэр төр урамшуулалд нь ирдэг. Жишээлбэл, 2011 оны “Найдвартай татвар төлөгч” аж ахуйн нэгжүүд:

·        Баяндулаан – уул ХХК /Сэлэнгэ аймгийн татварын хэлтэс/

·        Цэцүүх трейд ХХК /Баянгол түүргийн татварын хэлтэс/

·        БСБ сервис ХХК /Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/

·        Тахь ко ХХК /Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс/

·        Ай энд Эр Монголиа ХХК /Баянзүрх дүүргийн татварын хэлтэс/

гэх аж ахуйн нэгжүүд арын татварын хэлтэст татвараа цаг тухайд нь төлж ийн цол гуншинтай болсон байна. Хамгийн гол нь тэд ийм нэр зүүх эрх авахын төлөө бүтэн жил татвараа тасралтгүй төлж, улсыг болон төрийн албан хаагчдыг тэжээдэг гэж үү? Энэ байдлаараа төрийн албан хаагчдын цалинг нэмж татвар төлөгчдийг анхаарахаа болиод ирвэл одоогоос 5 жилийн дараа гэхэд Монгол улсын эдийн засгийн байдал ямар болох бол гэж бодох үнэхээр хэцүү. За би нэг таамаглал дэвшүүлье. Гэхдээ энэ таамаглал үнэнд нилээд дөхөж очих байх.

2016-2017 он гэхэд төрийн албан хаагчдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 500-550 мянган төгрөг болж өснө. Түүний хэрээр татвар төлөгчдийн төлөх татварын хэмжээ нэмэгдэж ирнэ. Тэгвэл татвар төлөгчид өөрсдийн үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж эхлэнэ. Харин дараагаар нь юу болох вэ гэхээр инфляци гэгч зүйл нь тэнгэрт хадаж, иргэдийн цалин хөлс хаанаа ч хүрэхээ больж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, монгол улсын амьдралын өртөг маш өндөр болно. За энэ таамаглалаа батлах гэж оролдоё. Одоогоос 8 жилийн өмнө би нэгэн уушийн газарт зөөгч хийдэг байлаа. Тэр үед сард 60 мянган төгрөгний цалин авдаг байсан. Гуч гучин мянгаар нь хувааж авдаг байлаа. Тэр үед миний тэр цалин зөвхөн миний хэрэглээнд бус маш олон зүйлд хангалттай хүрдэг байсан. Гэртээ бага сага хүнсний зүйл авч, өөртөө хувцас худалдаж авч, утасныхаа төлбөрийг хийж, халаасандаа ч овоо хэдэн цаастай үлддэг байсан. Гэтэл өнөөдөр 8 жилийн дараа гэхэд би одоо сарын 280 мянган төгрөгний цалинтай ажил хийж байна. Тэгтэл тэр мөнгө юунд ч хүрэхгүй байна. Ердөө утасныхаа төлбөрийг төлөөд, интернетийнхээ эрхийг сунгуулаад, ганц цамц, өмдтэй аваад цаана нь сарын унаа хоолны мөнгө үлдэхүү үгүй юу л болно. Дээр нь бас цалингаас минь татвар, шимтгэл гээд суутгасаар байгаад бүүр л багыг гар дээрээ авч байгаа юм. Уг нь бол би тэр 280 мянган төгрөгөөр бүтэн сарынхаа бүхий л хэрэгцээг хангах ёстой байдаг. Урьдны 60 мянгын цалингийн дэргэд гэрийнхэндээ ч хэдэн төгрөг хялайлгаж чадахаа байсан. Над шиг яг иймэрхүү өчигдөрөө өнөөдрөөрөө нөхөж явдаг хүмүүс монголд хэд байгаа билээ гэдгийг бас бодууштай л байх.

Энэ жишээгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, инфляци гэдэг зүйл зах зээл дээр хөрөнгө мөнгө хэдий чинээ цугларч, хүмүүс хэдий чинээ капитал хуримтлуулна төдий чинээ үнэ чангарсаар, амьдралын өртөг өндөрссөөр л байх  болно. Тэр инфляци гэдэг чинь огцом өсөхөөс нааш хүмүүсийн анхаарлыг төдийлөн татаад байдаггүй. Аажмаар тогтмол өсөлттэй байдаг зүйл юм шүү дээ.

Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй ээ гэж эртний сайхан Монгол үг байна шүү дээ цаана чинь...


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax