Шинэ блогийн хаяг:
http://molko.bblog.mn

2011-04-10
Цөхрөнгөө барсан “Шар хад”-ныхан
ЗУРГИЙН САН

Эмнэлэг дотор...

Бага нас, энэ танд танил сонсогдож байгаа биз? Энэ үеийг хүн бүр л тойрч биш туулж өнгөрдөг. Дэгэж дэрвэх насандаа өвчин зовлондоо туйлдан, эмч асрагч нарын гарыг харан насыг барна гэдэг юутай уйтай хувь тавилан бэ? Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв буюу бидний нэрлэж заншсанаар “Шар хад”-ны эмнэлэгт “асрахын” нэртэй найман хүүхэд амьдарч байгааг эгэл жирийн иргэд бид байтугай Эрүүл Мэндийн Яамныхан ч анзаардаггүй байна. Тэр найман хүүхдийн ирээдүйн бүх л гэрэл гэгээтэй үе тэр л байшин дунд өнгөрнө. Өдөрт асар бага хугацаанд л тэд цэнгэг агаар, цэлмэг тэнгэрээ харан эмч асрагч нарынхаа тусламжтайгаар наадан цэнгэнэ. СЭМҮТ-ийн хашаан доторх бяцхан цэцэрлэгт хүрээлэнд зориулан зассан талбайд тэд тоглож салхилдаг. Өдрийн гурван удаагийн хоол, дөрвөн удаагийн цайтай тэр хүүхдүүдийн ердөө ганцынх нь л гэрээс эргэлт ирж хэрэглээний зүйлсийг нь авчирч өгдөг. Бусдынх нь эцэг эх асран хамгаалагчдийн зарим нь хорих газар, мөн зарим нь хүүхдээ асрах, тэжээх ямар ч боломжгүй нэн ядуу гэр бүл байдаг. Тэгээд ч эмнэлэгийн эмч нарт “хүүхдээ цаашдаа асран тэжээх ямар ч боломжгүй байна, манай хүүхдийг эмнэлэгтээ аваач” гээд авчираад өгсөн хүүхдүүдийг гэрт нь буцаана гэсэн ойлголт үгүй. Эдгээр хүүхдүүдийг асрамжийн газарт шилжүүлье гэхээр яг таарсан газар гэж байдаггүй. Учир нь тэдний дотор зургаан настай мэт харагдах ч 26 настай залуу бий. Тэр тус эмнэлэгт 14 жил хэвтэж эмчлүүлж байна. Түүнийг Мааньтийн асрах газар татан буугдахад шилжүүлсэн аж. Хүүхдийн асрах төвд өгөх гэхээр хэтэрхий хөгшиднө, харин томчуудын асрах төвд өгөх гэхээр сэтгэхүй нь хүүхдээрээ. Ийм л учир нь олдохгүй олон зүйлс эмнэлэгийн ажилтануудыг зовоосоор өдий хүрчээ.

СЭМҮТ-ийн хүүхэд өсвөр үеийн наймдугаар тасагт ердөө 25 ор бий. Тэдний наймыг нь эдгээр хүүхдүүд эзэлдэг учраас нэмж хүүхэд авч эмчлэх боломжгүй болсон эмнэлэгийнхэн явж үзээгүй газар, хандаж үзээгүй байгууллага гэж байхгүй. Хүүхдийн асрамжийн газарт өгье гэхээр тэдгээр хүүхдүүд оюун ухааны хомсдолтой, хавсарсан уналт таталттай, бас дауны өвчтэй. Тиймээс байнгын эмнэлэгийн сувилгаа, үргэлж хараа хяналттай байлгах шаардлагатай. Хуучин асрамжийн газар байсныг нь буулгаад тэнд байсан хүүхдүүдийг “хүүхэд өсвөр үеийн наймдугаар тасаг” руу шилжүүлсэн. Одоо бол дахиж шинээр эмнэлэгт суурилсан асрамжийн төв барина гэдэг бол зүгээр л тэндхийнхэний “өдрийн зүүд” аж. 2004 оноос энэ асуудлын талаар ярьсан тэднийг сонсож, дэмжсэн байгууллага хомс.

Хайр халамж хүссэн хүүхдүүд хүн гэдэг утгаараа зөн совингоороо өөр хүн хараад баярлаж байгаа нь тэдний харц, байгаа байдалд нь илт мэдрэгдэж байсан. Тэдний бяцхан нүдэнд хайр хүссэн харц гэрэлтэж байгааг тодоос тод олж харсан. Тэднийг орхих гээд үүд рүү зүглэн алхахад араас нэгэн өхөөрдөм алаг нүдтэй охин дагаж уйллаа. Өрөвдөх сэтгэл минь зулгааж тэсэлгүй тэврээд авахад дэндүү хөөрсөн түүний амнаас нэг ч авиа гарсангүй. Угаасаа үгээр биш авиагаар ойлголцдог тэднийг хараад өрөвдөхгүй хүн гэж үгүй байх. Энгэрт минь наалдан, хүзүүгээр минь тас тэвэрчихээд цээж дүүрэн амьсгалж, санаа алдаж буй нь юутай зүрх шимширэм бэ?

Эцэг эхийн мөрөөр:

          Үртэй хүн жаргалтай

          Үндэстэй мод нахиатай гэж монгол ардын сайхан үг байдаг. Гэтэл өөрийн мах цусны тасархай нь сэтгэцийн өөрчлөлттэй, хөгжилийн бэрхшээлтэй байвал яаж жаргалтай байх вэ? Үрээ гэсэн сэтгэлгүй эх хүн гэж хаана ч үгүй. “Асрахын” хүүхдүүдийн эцэг эхээс нэг эхийг арай гэж олж уулзлаа. Мэдээж эмнэлэгийн захиргаа нэр хаягийг өгөхгүй гэж их л юм болсон. Тэглээ гээд шантрахгүй явсаар нэгэн хүүгийн эхийг ажил дээрээс нь барьж уулзсан юм. Микроавтобусны кондуктор хийдэг Э хэмээх бүсгүйтэй хуучилсанаа хүргэе.

-        Та гэр бүлтэй юу?

-        Гэр бүл байгаа. Сайхан хань, 2 охинтой.

-        Уучлаарай, гэхдээ танд бас нэг хүү байгаа биздээ?

-        Байгаа. Гэхдээ надтай хамт байдаггүй юм.

-        Хаана байдаг вэ?

-        Эмнэлэгт байгаа. Хүү минь бие муутай юм л даа. Эмнэлэгт олон жил болж байгаа.

-        Ямар өвчтэй вэ? Хэрвээ нууц биш бол аль эмнэлэгт байдаг вэ?

-        Хүмүүс сонсоод их эгдүүцдэг юм. Шар хадны эмнэлэгт байдаг юм. Анх төрөхдөө л хүү минь толгойндоо юмтай төрчихсөн юм. Тэгээд эм, тариа гээд их зүйл хэрэгтэй байдаг. Бас байнгын эмчийн хяналтанд байх ёстой. Дээр нь эм тариа нь маш үнэтэй. Бидэн шиг ядуу хүмүүс тэрийг нь байнга аваад байж чадахгүй. Тийм болохоор эмнэлэгт өгсөн дөө.

-        Та тэгээд хүүхдээ эргэж очдог юм уу?

-        Хүү дээрээ очоогүй одоо 4 жил өнгөрчижээ. Амьдрал хэцүү болохоор эргэж очих боломж гарахгүй юм. Эргээд очихдоо гар хоосон очихоор мэдрэл муутай ч гэсэн хүүхэд гэсэндээ юм горьдоод их хэцүү байдаг юм.

-        Гэхдээ юм горьдлоо гээд танд ядаж ганц ч чихэр аваачаад өгөх боломж энэ 4 жилийн хугацаанд олдоогүй гэж үү? (үнэхээрийн энэ эхийн хүйтэн сэтгэлийг тэвчихгүй бухимдан хэлчихлээ)

Ингэж намайг нилээд бухимдангүй хэлэхэд ихэд гайхсан ч нүдэнд нь нулимс цийлэгнэн хэсэг чимээгүй суугаад хариулсан юм.

-        Мэдээж надад нэг биш нилээд хэдэн чихэр аваачиж өгөх боломж гарсан л даа. Гэхдээ намайг очоод эргэхээр эмч нар нь хүүг минь буцаагаад өгчихвөл яана гэсэндээ л очоогүй юм.

-        Тэнд хүү тань ямар байдалтай байдгийг та мэдхүү? Би тэр газарт чинь бүтэн сар хүүхдүүдийнх нь талаар нийтлэл бичих гэж очиж байна. Таны хүүхдийг ч бас харсан. Хаалга руу ширтээд бүгд амандаа ямар нэг үг хэлээд хүний мөрөөсөл болж байдгийг та мэдэх үү?

Яг ингэж хэлсэний дараа хүүгийн эх асгартал уйлж, ихэр татан доорх зүйлийг ярьсан юм.

-        Одоогоос 6 жилийн өмнө би хүүгээ төрүүлээд сайхан ханьтай, хүү охин хоёртой сайхан л амьдарч байсан юм. Гэтэл хүү минь сэтгэцийн өөрчлөлттэй гэдгийг би хүүгээ 1 нас хүрсэний дараа мэдсэн юм. Тэгээд л эмнэлэгээр явж, эм тариа гэж явсаар байдаг бүхнээ барж, аргаа бараад хүүгээ эмнэлэгт нь үлдээхийг эмнэлэгийн захиргаанаас хүссэн юм. Эхлээд эмнэлэгийн захиргаа их дургүйцсэн. Гэсэн хэдий ч би өөрийн байдлаа үнэнээр хэлж гуйсаар эцэст нь тэд миний хүүхдийг авсан. Харин дараа нь эмч нь “Та хэрвээ дахиж хүүхэд гаргавал ийм гарах магадлал их өндөр” гэж хэлсэн. Хамгийн харамсалтай нь тэр үед би аль хэдийн бие давхар болсон байсан. Дараагийн охиноо гарах хүртэл хүүгээ эргэж очдог байсан. 7 хоногт бүр 2-3 очдог байлаа. Охиноо төрсний дараа хүү минь охиныг минь хүлээн зөвшөөрөлгүй дүүдээ гар хүрсэн. Тэрнээс хойш миний очих тоо багасч, захиргаа ч намайг “та ингэж олон ирдэг юм чинь хүүгээ өөр дээрээ ав. Бид хүүг тань тэжээхэд санхүүжилт тутмаг байна. Тиймээс хүү шиг чинь зөндөө хүүхдүүдийг эцэг эхэд нь буцааж байгаа” гэж хэлсэн. Би тэр үед айсан юм аа. Хүү минь гарч ирээд бидэнд дэм болж чадахгүй. Харин ч бидний арай гэж буцааж босгосон амьдралыг минь нураана гэж айсан. Энэ л миний алдаа байсан юм даа.

-        Тэгээд таны охин зүгээр биздээ? Одоо та ингэж ухаарч байгаа юм чинь хүүгээ эргээд авч болохгүй гэж үү?

-        Охин минь зүгээр. Азаар эрүүл охин гарсан. Хүүгээ буцааж авмаар л байна. Гэхдээ амьдрал ямар сансаны зоргоор болох биш дээ.

Ингэж хэлж нулимсаа арчсаар дахиж юу ч битгий асуугаарай гэж хүсээд шугамандаа гарлаа. Мэдэхгүй юм даа. Амьдрал чи өөрөө ийм хатуу юм уу? Эсвэл амьдрал энэ эхийг ийм хатуу болгоо юу?

 

          Эцсийн дүнд:

          Энэхүү найман хүүхдийн ирээдүйг сэтгэл дотроо зураглан суух зуур Эрүүл Мэндийн Яам, Нийгэм Хамгаалал Хөдөлмөрийн Яам энэ талаар ямар байр суурьтай байдаг бол хэмээн дарга нартай нь уулзахаар очлоо. Тэгтэл Эрүүл Мэндийн Яамны сайд Ламбаа гуай огт надтай уулзахыг хүссэнгүй. 3 хоног үүдийг нь сахиж суусаар 4 дэх өдрийн өглөө барьж авч уулзахад “Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Тийм хүүхдүүд байдаг гэж хэн ч манайд мэдэгдэж байгаагүй” гэлээ. Тэгтэл ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн албаны ажилтнаас асуухад “тэр хүүхдүүдийг мэдэлгүй яахав. Манайхаас төсөв мөнгө баталж өгдөг шүү дээ. Удахгүй тэр хүүхдүүдэд зориулан асрах, эмчилгээний хослосон эмнэлэг барьж өгөхөөр хэлэлцэнэ гэж байсан” гэх юм.

Яагаад сайд энэ мэдээллийг надаас нуув? Үнэхээр энэ ажил явагдах уу? Жилд хичнээн төгрөг тийшээ төсөвлөдөг бол? Тэр байгууламж нь үнэхээр баригдах уу? Хэвлэл мэдээллийн ажилтан надад худлаа хэлэв үү гэхээр “үгүй юм”. Харин сайд л надаас энэ талаар нуусан болох нь тодорхой. Эмнэлэгийн захиргаатай уулзаж энэ талаар тодруулахад “Чи манай эмнэлэгийг зүгээр орхи. Угаасаа олон сэтгүүлч энэ талаар хөөцөлдөөд эцэст нь хэнд ч хэрэггүй нийтлэл бичээд орхидог. Угаасаа ЭМЯ-аас бидэнтэй байнгын холбоотой байдаг. Бидэнд жил бүр мөнгө төсөвлөдөг. Чи энэ эмнэлэгээс ямар ч но олохгүй ээ” гэж хэлээд яваад өглөө. Захиралын үг яагаад сайдынхаас зөрөв? Үнэхээр захиралын хэлснээр төсөв байдаг бол яагаад энэ талаар сайд юу ч мэдэхгүй гээд зугатаав? Олон эргэлзээ төрсөн учраас эмнэлэгийн эмч нараас энэ талаар асуухад “мэдэхгүй ээ, жил бүр уг нь мөнгө төсөвлөдөг л гэдэг юм байна лээ. Гэхдээ яг хэд байдгийг нь мэдэхгүй ээ. Бас тэр мөнгө нь хаана зарцуулагддагыг ч мэдэхгүй. Энэ хүүхдүүдийг ердөө хандив тусламжаар л бараг болгож, өмсөх хувцас идэх хоолтой нь байлгадаг шүү дээ” гэлээ. Тиймээ, сайд захирал хоёрын хооронд л нэг жиг ургаж. Тэгээд сайд мэлзээд, захирал томорч. Харин Нийгэм Хамгаалал Хөдөлмөрийн Яам эзгүй оргин дүнсийсээр... Учир нь СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн наймдугаар тасгийн байдалтай очиж танилцсан мэргэжилтэнг 7 хоног сахиад сургийг нь ч гаргаж чадаагүй юм...

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax